
Жирэмсэн ээж архи дарсны зүйл уумагц архи дарсанд агуулагдах этилийн спирт нь ихсийн хоригийг шууд нэвтрэн ургийн биед ордог.
Өөрөөр хэлбэл жирэмсэн ээж архи уухад ураг яг хамт ууж байдаг гэсэн үг.
Гэтэл:
- ээж дор хаяж 60 кг жинтэй харин ураг 3 кг ч хүрэхгүй жинтэй байгаа!
- ээжийн амсах төдий хэмжээнд уусан архи урагт бол согтох, хордох, гэмтэх хэмжээнд байдаг.
- ээж уушгиараа амьсгалж хүчилтөрөгч авч байгаа бол ураг усан орчинд байж эхийн цуснаас хүчилтөрөгчөө авч байдаг тул илүү хурдан хорддог.
- ургийн элэг ээжийнхээ элэгтэй адил архийг түргэн хугацаанд задлан хоргүйжүүлж чадахгүй тул архи ургийн биед удаан хугацаагаар хадгалагдаж хордуулсаар байдаг.
Ээж архи уумагц ихэс хүйн судас агшина, ингэж агшиж нарийссан судсаар урагт очих тэжээлийн бодис, хүчилтөрөгчийн хэмжээ эрс багасна.
Улмаар жирэмсний хугацаанаас хамаараад ургийн хөгжлийн гажиг үүсэх, зулбах, ургийн өсөлт саатах зэрэг хүндрэл үүсдэг.
Жирэмсний бүх хугацаанд ургийн тархи, мэдрэлийн тогтолцоо маш мэдрэг байдаг тул архины нөлөөгөөр хамгийн түрүүнд ургийн тархи гэмтдэг байна.
Жирэмсэн хүнд, ер нь хүний биед спирт дутагдана гэж байдаггүй юм шүү.
Баяр ёслолын үеэр балга архи ч ууж болохгүй гэдгийг жирэмсэн ээжүүдэд анхааруулж байна!