ХДХВ/ДОХ асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр

Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг.

2025 онд “Бэрхшээлийг даван туулж, ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээг шинэ түвшинд хүргэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  

2024 оны байдлаар дэлхий дээр:

–       40,8  сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна.

–       1,3 сая хүн ХДХВ-ын халдвар шинээр авсан байна.

–       630,000  хүн ХДХВ-ын халдварын улмаас нас барсан байна.

ХДХВ-ийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх нэн чухал.

Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх: Бэлгийн хавьтлын үед эр, эм бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх нь ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ. Эрэгтэй бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэхэд ХДХВ болон БЗДХ-аас 85% хамгаалдаг гэсэн тоо баримт байдаг.

ХДХВ болон БЗДХ илрүүлэх шинжилгээнд хамрагдах: Эрсдэлд өртсөн хүмүүс ХДХВ, БЗДХ авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь  шинжилгээ өгөх бөгөөд ингэснээр цаг алдахгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээнд хамрагдах боломжтой болно.

ХДХВ-ийн  эсрэг эмчилгээг урьдчилан сэргийлэлтэд хэрэглэх:

–       Өртөлтийн өмнөх сэргийлэлт: Бэлгийн хосын нэг нь ХДХВ-ийн  халдвартай, нөгөө нь халдваргүй үед ХДХВ-ийн  халдваргүй хүнийг ХДХВ-ийн  эсрэг эмчилгээнд хамруулж, өртөлтийн өмнө урьдчилан сэргийлэлт хийнэ.

–       Өртөлтийн дараах сэргийлэлт: ХДХВ-ийн  халдварын эрсдэлд өртсөнөөс хойш 72 цагийн дотор халдварыг таслан зогсоох зорилгоор эмчилгээнд хамруулах ыг өртөлтийн дараах сэргийлэлт гэж хэлнэ.

Цусаар дамжих халдвараас сэргийлэх: Нэг удаагийн зүү тариур хэрэглэх, хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэхгүй байх зэрэг нь ХДХВ-ийн  халдвар авах эрсдэлээс сэргийлнэ.

ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх: ХДХВ-ийн  халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол жирэмсний үед, төрөх үед халдвар дамжих эрсдэл 15%-45%, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана. Эх ба хүүхдийг ХДХВ-ийн  эсрэг эмчилгээнд хамруулснаар халдвар дамжих эрсдлийг бүрэн зогсоох боломжтой.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Scroll to Top