Хүрээ амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн шинэ барилгын ажил эхэллээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрээ” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн стандартад нийцсэн, орчин үеийн есөн давхар, 150 ортой шинэ барилга баригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд С. Энхболд нар нээлтэд нь оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэнд тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй. Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 онд үүд хаалгаа нээж эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үзүүлж энэ хугацаанд 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн авчээ. Тус эмнэлгийн барилга хуучирсан, 63 жилийн дараа шинэ барилгын ажлыг эхлүүлж байгаадаа хүрээ амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчид болон нийт үйлчлүүлэгчид маш их баяртай байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны зургадугаар сарын 1-нд “Хүрээ” амаржих газрын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр эмч, эмнэлгийн ажилтнууд 10 жил хүлээгдээд буй шинэ барилгын асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүсэж байсан юм.
Шинэ барилга ашиглалтад орсноор “Хүрээ” амаржих газрын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, тусламж, үйлчилгээний төрөл, чиглэл, үйлчлэх хүрээ өргөжиж, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэн, 80 мянга орчим эмэгтэйчүүдэд эх барих, нярайн, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болно.
“Хүрээ” амаржих газрын барилгын ажлыг “Өгөөмөр баян дэнж “ ХХК гүйцэтгэж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.