
Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг.
2025 онд “Бэрхшээлийг даван туулж, ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээг шинэ түвшинд хүргэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
2024 оны байдлаар дэлхий дээр:
– 40,8 сая хүн ХДХВ-ын халдвартай амьдарч байна.
– 1,3 сая хүн ХДХВ-ын халдвар шинээр авсан байна.
– 630,000 хүн ХДХВ-ын халдварын улмаас нас барсан байна.
ХДХВ-ийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх нэн чухал.
Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч хэрэглэх: Бэлгийн хавьтлын үед эр, эм бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх нь ХДХВ болон бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ. Эрэгтэй бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэхэд ХДХВ болон БЗДХ-аас 85% хамгаалдаг гэсэн тоо баримт байдаг.
ХДХВ болон БЗДХ илрүүлэх шинжилгээнд хамрагдах: Эрсдэлд өртсөн хүмүүс ХДХВ, БЗДХ авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь шинжилгээ өгөх бөгөөд ингэснээр цаг алдахгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, эмчилгээнд хамрагдах боломжтой болно.
ХДХВ-ийн эсрэг эмчилгээг урьдчилан сэргийлэлтэд хэрэглэх:
– Өртөлтийн өмнөх сэргийлэлт: Бэлгийн хосын нэг нь ХДХВ-ийн халдвартай, нөгөө нь халдваргүй үед ХДХВ-ийн халдваргүй хүнийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулж, өртөлтийн өмнө урьдчилан сэргийлэлт хийнэ.
– Өртөлтийн дараах сэргийлэлт: ХДХВ-ийн халдварын эрсдэлд өртсөнөөс хойш 72 цагийн дотор халдварыг таслан зогсоох зорилгоор эмчилгээнд хамруулах ыг өртөлтийн дараах сэргийлэлт гэж хэлнэ.
Цусаар дамжих халдвараас сэргийлэх: Нэг удаагийн зүү тариур хэрэглэх, хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэхгүй байх зэрэг нь ХДХВ-ийн халдвар авах эрсдэлээс сэргийлнэ.
ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх: ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийгээгүй бол жирэмсний үед, төрөх үед халдвар дамжих эрсдэл 15%-45%, төрсний дараа хөхний сүүгээр дамжин халдварлана. Эх ба хүүхдийг ХДХВ-ийн эсрэг эмчилгээнд хамруулснаар халдвар дамжих эрсдлийг бүрэн зогсоох боломжтой.

